Сүүлд шинэчлэгдсэн: Өнөөдөр 0 цаг 10 минут
Хэт ялгарал

Америкийн баруун эргийн мега хот Сиатл.
Хотын төвийн өндөр барилган ширэнгэ дунд өнгө өнгийн майхан эгнэж харагдана. Юу болохыг нь төсөөлж байна уу?



Сиатл хотод 5 жилийн өмнөөс үл хөдлөх хөрөнгийн үнэ тэнгэрт хадаж, түрээсээ төлж дийлэлгүй гудамжинд шидэгдсэн хүмүүс хотоор хөглөрөх болжээ. Тэдгээр орон гэргүйчүүдэд туслах зорилгоор хотын удирдлага дээрх "Майхан хот"-ыг нийтийн эзэмшлийн хэлбэрээр байгуулсан юм гэнэ. Өдгөө тийм байгууламж 8 газар бий гэх.

Майхан хотын оршин суугч гайхширсан байдалтай асууна.

- Яагаад ийм ядуу байгаагаа үнэхээр ойлгох юм алга. Энэ чинь дэлхийн хамгийн баян орон Америк биз дээ?!?

Орон гэргүй тэд хүмүүс бол огтоос ажилгүй залхуу хүмүүс биш. Гэсэн ч тэдний орлого яагаад ч зарлагыг нь гүйцэхгүй.

Өнөөгийн байдлаар, Америкийн ядуу иргэдийн огцом өсөлтийн график гозойсон чигээрээ явсаар, ойролцоогоор 7 хүн тутмын 1 нь амжиргааны гачигдалд орсон гэх. Гэтэл нөгөөтэйгүүр тэрбумтан гэгдэх 1,000,000,000 доллараас дээш хөрөнгөтэй хэт баячуудын тоогоороо Америк дэлхийд тэргүүлдэг.

Нэг ёсондоо баян хоосны ялгаа, тэгэхдээ бүр аварга том ялгаа Америкт дэлгэрч байна.

Мөнгө зөвхөн чинээлэг хүмүүст дуртай юм болов уу гэлтэй, нэгэнт цугласан баялаг таазанд тулахын зовлонгүй улам бүр овоорсоор. Нэг мэдэхнээ дэлхийн бага хөрөнгөтэй 3,6 тэрбум хүний нийт хөрөнгийн хэмжээ нь хамгийн баян 62 хүнийхтэй дүйцэхүйц болж иржээ. Дашрамд, дэлхийн супер баян 62 хүний дундаж хөрөнгийн хэмжээ 30,000,000,000 доллар давдаг гэнэ.

Америкийн медиа салбарын хаан тэрбумтан Stanley Hubbard (83 настай) хэлнэ:
- Замын түгжрэлд бөглөрсөн гэнэ ээ? Түгжрэл чинь сайн зүйл байхгүй юу. Бүгдээрээ радиогоо сонсоно (хаха).

Түүний эрхэлдэг Hubbard Broadcasting сүлжээ бүх Америк даяар нэвтэрч, жил болгон 700 сая долларын ашиг олж байна.

Баян хоосны ялгааны тухай түүнээс асуувал ингэж цэцэрхэнэ:
- Ядуу байна гэдэг бол, хангалттай чармайхгүй байна л гэсэн үг.

Нью-Йоркийн их сургуулийн профессор Richard Epstein хэлж байна:
- Баячууд амжилттай явбал эдийн засагт сайн.

Түүний онол нь "Trickle-down effect" гээч дээр тулгуурлаж буй. Баячуудын давхрага баяжих тусам хаялага нь ихсэж, доод давхаргаа чийглэнэ гэсэн санаа. Жишээ нь, дарсны хундагаар пирамид цамхаг өрөөд, хамгийн дээрх хундага руу дарс цутгаад байвал, хэзээ нэгэн цагт хамгийн доор байгаа хундага ч бас дарсаар дүүрнэ.




Гэтэл дэлхийн байдлыг ажин харвал, хамгийн доод давхрагын хундаганууд хэзээ хүртэл хүлээгээд ч дүүрсэн нь үгүй. Учир гэвэл, орлогын ялгаа туйлдаа хүртэл тэлсэн өнөө цагт, орой дээрх хундага нь хөхүүр болтлоо томроод, дарс нь бүх давхаргад хүрч очихоо больсонд байгаа юм.

Яагаад баян хоосны ялгаа ингэтлээ ангайж орхисон юм бол?

Адам Смитээс хойшхи орчин үеийн капитализмын 250 жилийн түүхийг эргэн нэг сөхөж үзье. Доод давхаргад гол төлөв ажилчид, дээшээгээ менежер тэгээд хөрөнгөтөн гээд явна. Тэдний хоорон дахь ялгааг хэмжих шугам болгож "Жини коеффицент" гээчийг ашигладаг.

Менежерийн олсон баялаг ажлын хөлс байдлаар ажилчдад хуваарилагдах замаар орлогын ялгаа багасдаг. Эсвэл засгийн газар чинээлэг давхаргад өндөр татвар ноогдуулбал, нийгмийн халамж байдлаар доод давхарга руу баялаг урсах суваг бий болж, мөн л ялгаа агших зүг рүү хандана. Нэг ёсондоо баялгийн эргэлтэнд, цалин нэмэх болон чинээлэг давхаргад давхар татвар ноогдуулах гэсэн хоёр зам бий.

Октябрын хувьсгалаас эхтэй Социализм хэмээх нийгмийн байгуулал ажилчдын амжиргааг баталгаажуулах байдлаар ялгааг залруулах замыг сонгосон бол, эсрэг талын капитализм нь баячуудад илүү татвар ноогдуулах замыг нь сонгожээ.

Анхандаа ялгарал тодорхой хүрээн дотор л дээш доош савлаж байлаа. Тэгтэл 1980-д оноос дэлхий ертөнц ялгаралын тэлэлт рүү тасралтгүй тэмүүлж эхлэх нь тэр.

1991 онд Социализмын баатар Зөвлөлт Холбоот Улс задарч, капитализмын лидер Америкт албан байгууллагын татварыг бууруулах зэргээр эдийн засгийн зөөлөн бодлого голлож ирэв. Чинээлэг хүмүүсийн татварын дарамт багасч, IT салбарын хөгжил болон глобалчлалын нөлөөгөөр хил давсан хөдөлмөр эрхлэлт түгэж, ажлын хөлсний зардлыг бууруулах өрсөлдөөн тийш гулсан оров.

Цалин буурч, баячуудын татвар сулрав. Энэ хоёр урсгал одоо ч үргэлжилж буй бөгөөд, үр дүнд нь баян хоосны ялгарал одоо ч хэзээ ойртох нь тодорхойгүй байна.

- Миний бодлоор савлуур арай хэт савалчих шиг боллоо.
Ийн хэлэх нь Америкийн Хөдөлмөрийн яамны нарийн бичгийн дарга асан Robert Reich
- Мэдээж орлогын ялгаанд эдийн засгийн өсөлтийг өдөөх гэсэн сайн тал бий л дээ. Гэвч, өнөөгийн хэт орлогын ялгаа нь тэр сайн талыг хамаагүй давчхаад байгаа юм.

Америкийн өмнөд муж Теннесси ядуурлын төвшнөөрөө Америктаа толгой цохино. Мужийн оршин суугч Daniel Buyers үе мөчний үрэвсэл, уушгины сүрьеэ зэрэг өвчинд дараалан дайруулж, одоо нэгэнт ажил хийх чадваргүй болжээ. Мөнгөгүй учир эрүүл мэндийн даатгалд ч хамрагдаж чадахгүй. Түүн шиг 280,000 гаруй хүн энэ мужид оршин суудаг аж. Тэдгээр хүмүүсийг аврах зорилгоор мужийн удирдлагын идэвхтэй санаачлагаар цоо шинэ эрүүл мэндийн даатгалын систем нэвтрүүлэхээр болж гэнэ. Тэгтэл, хууль яг батлагддагийн даваан дээр гэнэт түүнийг эсэргүйцэх том хөдөлгөөн өрнөөд явчив. Улайран эсэргүйцсэн нь "Americans For Prosperity Foundation (Мандан бадралын төлөөх Америкчуудын холбоо)" хэмээх чинээлэг давхрагынхны дэмждэг бүлгэм байв.

Мужийн төлөөлөгч Andrew хэлнэ:
- Бүх хүнд үнэгүй даатгал гэдэг чинь хоосон зэрэглээ. Тооны машин хэд тоншоод үзэхэд л тооцоо нийлэхгүй нь гараад ирнэ.

Найдварын оч болсон эрүүл мэндийн даатгалын төсөл унасанд хүнд өвчтэй Buyers гутарснаа нуусангүй.
- Ахиад л эм, хоол хоёрын алийг сонгохоо шийдэх болох нь дээ.
- Улс төр мөнгөөр хөдөлдөгийг болиулмаар юм (санаа алдав).


Америкт улс төрд үзүүлэх баячуудын нөлөө гэдэг тоймгүй. Дээр өгүүлсэн медиа хаан Stanley Hubbard хэлнэ:
- Бид өөрсөдтэйгээ ижил үзэл бодолтой улс төрчдөд хандив өргөдөг. Хэдийгээр улс төрчдөөс хариу нэхдэггүй ч гэсэн, улс төрчид их хэмжээний хандив өгсөн хүнийг хэзээ ч мартдаггүй юм. Энэ чинь л хүний натур юм шүү дээ. Тэд бол нэг төрлийн хамгаалалтын тор л гэсэн үг.

Яг одоо өрнөж буй Америкийн ерөнхийлөгчийн сонгуулийн нийт хандивын 1/3 болох 550 сая доллар бол тэрбумтан гэгдэх хэдхээн тооны баячуудын хаясан мөнгө юм.

Пристоны Их Сургуулийн профессор Martin сүүлийн 20 жилд Америкт хэрэгжсэн 1,800 бодлогын бичгийг анализ хийж үзтэл, түүний 45% нь баячуудын давхрагаас гарсан санаа байсан болох нь илэрчээ. Профессорын хэлж буйгаар бол:
- Баячуудын улс төр дэхь нөлөө үлэмж их байдаг бол, бага орлоготой иргэд эдийн засгийн бодлогод нөлөөлсөн жишээ бараг л байхгүй гэхэд болно.

Morris Pearl 
Америкийн тэр мэт орлогын хэт ялгаанд эмзэглэдэг нэгэн. Өөрөө бол алхаар цохиод ч унахааргүй баячуудын нэг. "Black Rock" гэх дэлхийн хамгийн том хэмжээний инвестмент компанид удирдах алба хааж байсан боловч, 2 жилийн өмнө тэр сэнтийгээ сайн дураараа орхиж, "Patriotic Millionaires (Эх оронч саятанууд)" хэмээх улс төрийн холбоо байгуулаад гайхмаар мэдэгдэл хийсэн гэнэ:
- Баячууд бидний татварыг нэм!!!

Цааш нь
- Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг цагийн 10.10 доллар болгож өсгө!!!

Цалин өсгөх, баячуудын татварыг нэмэх. Эд бол баян хоосны ялгааг тэгшитгэхэд чиглэсэн түүхтэй зам. Харамсалтай нь тэр замаас өдийг хүртэл дүлсээр ирж. Харин Pearl-ийн хэлж буй нь хоёргүй нэг утгаар "Зам руугаа буцаж гар" гэсэн санаа.

Энэ чигээрээ ялгарал улам томорсоор байвал бараа үйлчилгээний урсгал саарч, цаашилбал чинээлэг давхарын хөлийг ч тушиж мэднэ.

Pearl:
- Минийхээр бол ядуучуудын орлогыг нэмэгдүүлж, дундаж давхаргад аваачмаар байгаа юм. Тэгвэл хөрөнгөтөнүүд болон менежерүүдэд ч сайнаар нөлөөлнө. Бараа үйлчилгээний эргэлт сайжирна гэсэн үг шүү дээ.

Менежерүүдийн дунд ч шинэ хөдөлгөөн соёолж эхлээд буй.
Жижиглэн худалдаанд зориулсан кредит картны автомат систем нийлүүлэх "Gravity Payments" компани. Компаний CEO (гүйцэтгэх захирал) Dan Price ажилчдынхаа өмнө гэнэтхэн ийм мэдэгдэл хийв:
- Бүх ажилчдын цалингийн доод төвшинг жилийн 70,000 доллар болгон тогтоож байна.

Price өөрийн цалин 1 сая долларыг 1/10 болтол нь бууруулж, түүнийгээ ажилчдын цалинд хуваарилах гэсэн урьд хожид сонсдож байгаагүй шийдвэр гаргажээ.
- Бүгд анхандаа намайг галзуурчив уу гэж бодсон гэсэн.

Өнгөц харахад бодлогогүй алхам гэж санагдах ч, үр нөлөө нь тэр дороо л гарав. Борлуулалт 2 дахин ихсэж, үйл ажиллагаа нь тэлжээ. Энэ бол ажилчдын ажилдаа хандах хандлага (мотиваци) огцом идэвхжсэний үр дүн. Ажилчдын нэг нь хүүрнэж байна:
- Жилийн орлого 70,000 доллар болсонд маш их баярласан ч, бас том хариуцлагыг мэдэрсэн. Цаашид бүх чадлаараа хичээж ажиллах болно оо...

Өнөөгийн капитализм бий болсноос хойшхи 250 жилийн түүхэнд зүсэн зүйлийн асуудал бас эргэлзээ төрөн гарсаар.

Яагаад бид нийгэм байгуулна вэ?
Яагаад бид төр байгуулна вэ?

Кэйо Их Сургуулийн профессор Идэ Эйсакү хэлнэ:
- Эртний Грекийн үеэс нааш олон сэтгэгчид гарч ирсэн ч, нэг л зүйл дээр тэд бүгд ижил үг хэлсэн байдаг. Юу гэвэл, нийгэм хийгээд төр бол "хэн нэгний эрх ашгийн төлөө" бус "бүх нийтийн эрх ашгийн төлөө" оршдог гэж.

Эдийн засгийн эцэг Adam Smith "Хувийн ашиг сонирхол" эдийн засгийн хөдөлгөгч хүч гэж хэлсэн ч, нөгөөтэйгүүр бас "Энэрэл (sympathy)" хэмээх ухагдахууныг ч бас номлохоо мартаагүй. Бусдын эрх ашгийг ч давхар бодолцохын чухлыг тэр өгүүлсэн.

Дэлхийн хамгийн ядуу ерөнхийлөгч гэгддэг Хосе Мухика хэлнэ:
- Капитализмд "үзэсгэлэнтэй төрх" бий. Гэхдээ бүх амьдралаа капитализмд даатгаж болохгүй. Өнөөгийн хүмүүс улс төрд үл итгэх болж, нийгэм эдийн засаг тогтворгүй болоод байна. Үр дүнд нь нийт олонхийн айдсыг сэдрээх гэсэн бусдыг ялгаварлах үзэл санаанууд ихээр төрөх боллоо.

Орлогын ялгаанд "хэн нэгэн буруутныг хайх" бол хамгийн богино бодлоос төрөх санаа биз. Зүгээр л цагаачдыг хөөж гаргаснаар дотоодын ажилгүйдлийг арилгах уу, эсвэл импортод өндөр татвар ноогдуулсан төдийгөөр үндэсний үйлдвэрлэл сэргэх үү?

Мухика цааш үргэлжлүүлнэ:
- Ийм цаг үед хүмүүс үндсэрхэг үзэлд тун хялбархан автана. "Америкийн төлөөх Америк" ч юм уу, "Германы төлөөх Герман" гэхчлэн орилолдож гарна. Үр дүнд нь өнөөгийн даяарчлагдсан ертөнцөд амьдрах бүх хүнийг аз жаргалгүй болгох болно.

Бусдыг ялгаварлан хяхах ёстой гэж үү? Эсвэл энэрэл (sympathy) хэрэгтэй юу?
Голландын нэгэн хотод хоёр дахийг нь сонгосон туршилт бага багаар боловсорч байгаа гэх.

Өдөр тутмын хэрэглээний бүхий л зүйлсээ үнэгүй зээлж зээлдүүлэх систем, өөрөөр хэлбэл мөнгө ашиглалгүйгээр эд зүйлс солилцох систем 2 жилийн өмнөөс хэрэгжиж эхлээд буй. Өнгөрсөн жил солилцсон эд зүйлсийн нийт үнэ 1,000,000,000 евронд хүрчээ. Хэдий ДНБ-д тоологдохгүй ч гэлээ, гарцаагүй л тэнд эдийн засаг цохилж байна.

Эдийн засаг гэдэг энгийнчлээд хэлбэл ердөө л хязгаарлагдмал нөөцийг хуваарилах ухаан шүү дээ. Харин капиталист эдийн засаг хуваарилахаас илүүтэй, үржүүлэхийг чухалчилдаг ч юм шиг. Холихдоо гарамгай ч таваглахдаа тааруухан тогооч байвал зочдын сэтгэл ханамж хэр байхсан бол?

...Нэгэн амралтын өдөр мөнөөх медиа хаан Stanley Hubbard 25 сая долларын үнэтэй аварга том тансаг завиндаа гэр бүлээрээ тухлан явна.
Санаандгүй эргэн тойрноо ажвал зүсэн зүйлийн хүмүүс өөр өөрийн завиараа зугаалж харагдана.
Hubbard гуай битүүхэн бодолхийлэн бувтнав:
- Жижигхээн завь байна..., дунд хэрийн завь... Мөн ч олон янзын завь байх чинь вээ. Тэд ч бас над шиг л зугаацаж яваа даа? Магадгүй надаас ч илүү байх...



Сүүлд нэмэгдсэн
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.
Монголын шилдэг нийтлэлчдийн клубын гишүүд нь редакцийн бодлогоор ажилладаггүй тул
аливаа нийтлэл, түүнтэй холбогдон гарах асуудлыг тухайн нийтлэлч бүрэн хариуцна.